шар мэдээ

Д.Отгонжаргал: Эр хүний хийх ажлыг хийж, өөрийгөө зовоож, шаналж амьдрах ёсгүй

“Өнө мөнх орон”, “Миний ээж тэмээчин”, “Хун галуу”, “Хайрлахын жаргал” зэрэг сүнслэг, авшигтай олон дууг сонсогчдын сэтгэлд хоногштол амилуулж чадсан хүчтэй хоолойтон дуучин бол СТА Д.Отгонжаргал. Тэрбээр эдүгээ Улсын филармони хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран бүтээлээ туурвисаар буй билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эх үрийн нандин холбоог харуулсан “Миний ээж тэмээчин” хэмээх дуу хэрхэн бүтсэн бол. Сонсогчид их дуртай шүү дээ?
-Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх ах надад санал болгож, энэ дууг дуулж байсан. Монголын ард түмний мэддэг, хүндэлдэг, хайрладаг дууг клипжүүлэн дуулснаар хүний сэтгэлд илүү хүрсэн байх. Хамтран ажилласан уран бүтээлчдэдээ маш их баярладаг.

-Эмэгтэй хүний хувьд амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Эмэгтэй хүн эмэгтэйгээрээ байгаасай гэж хүсдэг. Эр хүний хийх ажлыг хийж, өөрийгөө зовоож, шаналж амьдрах ёсгүй. Энэ талаар дүү нартаа, охидод захиж хэлдэг. Эмэгтэй хүн энэ ертөнцөд хайрлагдаж, хүндлэгдэх гэж ирсэн гэж ойлгодог.
-Та мэргэжлээ сонгоод, хичээллэж байхдаа “Буруу мэргэжил сонгожээ” гэж харамсаж байсан уу?

-Би дуучин мэргэжлээр суралцаад төгсөх хүртлээ огт шантарч үзээгүй. Яагаад гэвэл би сурч байгаа мэргэжил, суудаг ширээ, анги танхимдаа дэндүү дуртай, тэмүүлэлтэй оюутан байсан. Сургуулийнхаа номын санд сонсголын хичээлээ давтдаг, хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Хэрвээ энэ мэдрэмжээ цаасан дээр зурвал шаарны үзүүрээс бариад тэнгэрт хүрч байгаа охин шиг дэврүүн хүсэл мөрөөдөлтэй охин зурахаар байна.

-Хүний амьдралын үнэ цэн юунд оршдог бол?
-Хүний амьдралын үнэ цэн үнэн байхад оршдог. Үхэхийн өмнөх мөчид би юунд үнэн, юунд худал, хуурмаг байсан тухай бодогдох байх гэж боддог. Тиймээс үнэн амьдарч өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг илүүд үздэг. Амьдрал яг л солонгын долоон өнгө шиг.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button