Мэдээ

Арслан Э.ОЮУНБОЛД: Намайг сайлсан, муулсан бүхэн хэзээ нэг өдөр бурхны шүүлтэнд орох байх аа гэж боддог юм

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболд ес даван түрүүлж Улсын аварга цолны болзол хангаж Н.Батсуурь найм даван үзүүрлэсэн билээ. Харин хоёр жилийн өмнөх түүний энэ ялалт багагүй маргаан шүүмжлэлийг дагуулсаар энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэрээр Э.Оюунболдын аварга цолыг хурааж Н.Батсуурьт шилжүүлсэн юм. Энэ үйл явдал Монголын бөх сонирхогч нарын дунд багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Арслан Э.Оюунболд: Намайг сайлсан, муулсан бүхэн хэзээ нэг өдөр бурхны шүүлтэд орох байх аа гэж боддог юм

-Би бөх болох юм байна гэсэн урмыг анх хэзээ авч байв?

-Сайн мэдэхгүй байна аа. Багаасаа нэг бол морь уяна, нэг бол бөх болно л гэж боддог хүүхэд байсан. Тэгээд бэлтгэл хийгээд сайжраад ирэхээр түүндээ урамшаад хөдөө явахаа болиод хөндийрөөд ирдэг юм билээ. Адъяа багш маань бэлтгэл ч сайн хийлгэдэг байсан. Жил ирэх тусам өөрийнхөө хэмжээнд сайжираад л байсан. Хаядаггүй хүнээ хаяад ирэхээр их урамшдаг юм билээ. Адилхан л бэлтгэл хийж байгаа болохоор нөгөө хүн маань муудаад байна гэж байхгүй ш дээ. Тэгэхээр би сайжирч байна аа л гэсэн үг биз дээ.

-Анх ямар мэх сурч байв? 

-Давхар ачих мэх. Манай удмын мэх гэх юм уу даа.

-Тийм үү, аав хийх үү?

-Аав хийнэ. Авга ах хийдэг. Манай өвөөгийн ах нь “ачаа” Лхажав гэж нэршсэн хүн байсан гэнэ лээ. Би бол хараагүй л дээ. Намайг ухаан орохоос өмнө нас барсан юм билээ. Цэрэгт байхдаа улсын наадамд дөрөв давж байсан гэсэн. Манай аав, тэр ах хоёр ачих мэхийг сайн хийдэг байсан гэсэн. Би бас тийм ч сайн ачиж чадахгүй л юм байна ш дээ.

-Гэхдээ сурц бол байгаа л юм байна?

-Аа, бас тулсан үед бол нэг тавьчих л байх /инээв/. Ерөнхийдөө жилээс жилд барилдаан өөрчлөгдөж байна. Явцаараа боловсорч байгаа юм болов уу гэж боддог.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай эхнэр Завхан аймгийн Сонгино сумын харьяат, Бат-Ундралын Өнөржаргал гэж бүсгүй бий. Бид нэг хүүтэй. Гурвуулаа амьдраад л, эхнэр маань Анагаахын дээдэд сураад л байж байна даа. Энэ бүх бэлтгэл сургуулийг хийж, амжилтанд хүрэхэд ар гэрийг минь энэ хүн л авч явж байгаа. Хичээлдээ явна, хүүхдээ харна, гэр орон, хоол унд гээд эхнэр маань их ажил амжуулна. Надаас илүү завгүй хүн байдаг юм. Би чинь хоёр бэлтгэлтэй өдөр бас завгүй өнжинө. Орой л гурвуулаа уулзана.

-Хааяа зав зайтай үедээ хоол ундаа хийчихнэ биз, арслан?

-Хааяа бас байна аа, байна. Банштай цай бол чаначихна /инээв/. Тэгсгээд л байж байна даа. Миний нэг их олон янзын хоол хийнэ ч гэж юу байхав. Үнэндээ ар гэртээ тэр болгон анхаарал халамж тавьж чадахгүй л явна. Гэхдээ тэгж байгаад анхаарал тавих цаг ирэх байлгүй дээ гэж боддог.

-Бөхөөс өөр зүйл сонирхох юм уу?

-За ёстой байхгүй дээ. Ан сонирхохгүй, морь сонирхох нь багассан. Бөхөөс өөр зүйл сонирхохгүй л шинжтэй.

-Дандаа л бөх бодоод, бөхөөр амьсгалаад байхаар шөнө барилдаан, мэх зүүдлэнэ биз?

-Өө, барилдаан зүүдлэх бол энүүхэний асуудал ш дээ. Манай эхнэр анх цочоод, сэрээд унтаж чаддаггүй байсан. Би хажууд нь зүүдлээд, барилдаад түмэн юм болж байгаа юм чинь. Одоо бол дасчихсан, сайхан унтана аа, яаж ч байсан тоохгүй.

-Таныг дахин барилдах болсонд баярласнаасаа илүү дургүйцсэн хүмүүс олон байх шиг. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Намайг сайлсан, муулсан бүхэн хэзээ нэг өдөр бурхны шүүлтэд орох байх аа гэж боддог юм. Харин надад бол тэр хүмүүсийн намайг сайлж, муулж байгаа нь хамаагүй. Үндэсний бөх бол миний амьдрал. Өөрийн явж буй замаа дуустал нь үзэж, туулна. Би үндэсний бөхөд 14 настайгаасаа л амьдралаа зориулж байна. Түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийж, үндэсний бөхийн спортод хамаг амьдралаа зориулсан. Амьдрал минь бөхтэй салшгүй холбоотой. Намайг ухаан ороход аав минь барилдаж л байсан. Түүнээс хойш аавыгаа залгамжлаад би ч барилдаж байна. Энэ том өв соёлоо авч үлдэж, үндэсний бөхөөрөө цаашид хүрч чадах хүртлээ л явна.

-Аав, ээж хоёр нь жил бүр ирж үздэг үү, хүүгийнхээ барилдааныг?

-Ноднингоос эхэлж ирж байгаа. Энэ жил аав, ээж, дүү гурав маань гурвуулаа ирж үзсэн. 2013 онд намайг харцага болоход хөдөөнөө байсан. Ноднин ирэхэд нь би дөрвийн даваанд унасан. Тэгээд энэ жил түрүүлэхэд хамт байсан даа.

-Цэнгэлдэх дүүрэн 512 бөх барилдсанаас хүү нь ганцаараа босоо үлдэж, түрүүлэхийг харах үнэхээр гайхамшигтай байсан байх. Нэг ёсондоо аав, ээжийгээ их л баярлуулсан хэрэг биз дээ?

-Тодорхой хэмжээнд баярлуулсан байх аа. Гэхдээ эцэг эхийн ачийг хариулахад бол тэр багадах байх гэж боддог. Цаашдаа улам их хичээж, хүний дайтай хүн байж, хөдөө малаа хариулаад явж байхад нь сэтгэлийг нь зовоохгүй юмсан, зурагтаар харахад нь сайхан барилдчихаад байж байя гэж боддог юм.

-Өмнө улсын харцага болоход бөхөд дуртай хүн бүр мэддэг, таньдаг болсон байж таарна. Харин улсын наадамд түрүүлснээр бүх ард түмний нүдэн дээр “палхийтэл” гараад ирж байна гэсэн үг шүү дээ. Тэр байдал танд ямар сэтгэгдэл төрүүлж, ямар өөрчлөлтийг авч ирсэн бэ?

-Нас залуу, бүрэн гүйцэд төлөвшөөгүй байгаа хүнд чинь ер нь л хэцүү юм байна шүү. Яачих бол, ийчих бол гээд цаг үргэлж хяналт, анхаарал тавиастай. Ямар нэг зүйл боллоо гэхэд тэр дороо л хүмүүст дуулдаад сэтгэлийг нь зовоох шинжтэй. Тийм болохоор аль болох л хичээгээд, хүн амьтан уурлуулчихгүй, ам зөрчихгүй юмсан, олонтойгоо эвтэй найртай, сайхан явахсан гэж бодно. Наадмаас хойш хэт олны хүрээлэлд гэнэт ороод, өөрийгөө хянаж чадахгүй зарим нэг хүмүүст буруу зөрүү бодол төрүүлсэн бол, гомдоосон бол дүүгээ уучлаарай, бас ойгохыг хичээгээрэй гэж хэлье дээ. Үнэндээ нэг хэсэг яах ухаанаа олохгүй л явсан. Утастайгаа зууралдаад, залгасан болгонтой яриад байх ч жаахан төвөгтэй. Одоогоор бүх зүйлээ бөхдөө л зориулаад явж байна. Цаашдаа насан туршдаа бөх барилдахгүй ч гэсэн залуу насандаа хийх бүтээхийн төлөө хичээж зүтгэнэ гэж бодоол явж байгаа.

-Аварга цол хэр их бодогдож байна. Нэг ёсондоо хаяанд нь ирчихлээ?

-Аа, тэгээд бэлтгэлээ сайн хийгээд өөрөө зөв явбал бүх л боломж байгаа гэж боддог. Дуудах нэрийг аав ээж өгнө, дуурсах алдрыг өөрөө олно гэдэг биз дээ. Аав ээж минь энэ биеийг төрүүлээд өгчихлөө. Яаж авч явах нь уг хүний ухаан л мэдэх хэрэг. Тэр бүгдийг бодож, төвлөрч, төлөвших хэрэг байна. Ерөнхийдөө бүх л юм хүмүүсийн хараа хяналтанд орчихсон. Тиймээс өөрөө хичээхгүй бол ард түмнээ, нутаг усныхнаа гомдоочих вий л гэж бодох юм. Нас залуу, наадам олон байна… Хамгийн гол нь зөв явна гэж боддог. Өөртөө байнга дүгнэлт хийнэ, бүх л юмаа тэгшилнэ дээ.

-Наадмын дараа Б.Бат-Эрдэнэ аварга шавьдаа нэлээд хэдэн чухал зүйлийг аминчлан захисан тухай мэдээлэл түгсэн?

-Тиймээ. Маш чухал захиас хэлсэн. Тэр захиасыг байнга санаж яваа. Халхын тэр том алдартай аваргын нутаг орноос залгамж болж улсын наадамд түрүүллээ. Ер нь аварга багш шигээ л явъя гэж бодож, мөрөөдөж явдаг юм.

-Багш нарынхаа тухайд…?

-Хоёр багштайгаа аль болох илэн далангүй, аав хүү шиг л байдаг даа. Манай Адъяахүү багш, Хосоо багш хоёр чинь зөөлөн үедээ зөөлөн, хатуу үедээ хатуу. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, сайхан хүмүүс дээ. Бөхийн хөгжил маш өндөр түвшинд ирлээ. Бэлтгэл хийдэггүй, штанг хийдэггүй, боловсрохгүй хүн гэж байхгүй. Бүх л юмыг мэдэж сурч байна. Бяртай бол хэн нь ч бяртай, мэхтэй гэвэл хэн нь ч мэхтэй. Ийм л олон буцалж байгаа зүйл дотроос цойлж гарах хэрэгтэй гэсэн үг. Бөх хүн бүр улсын наадамд түрүүлэх гэж мөрөөддөг бол их спортоор хичээллэж байгаа хүмүүс ч олимп дэлхийн аварга болохыг л мөрөөддөг байж таарна. Олимпийн аварга Түвшинбаяр ахыгаа их харж, хүндэлж явдаг. Их сайхан хүн дээ. Хааяа юм хум асууж, зөвөлгөө авахыг бодно. Ер нь хүнээс үг дуулах их дуртай шүү.

-Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумандаа төрж өссөн үү?

-Өмнөдэлгэрт төрөөд ой, 4 сартай байхад минь манайх Дэлгэрхаан сум руу шилжсэн. Аав маань цэргийн ангийн адуу хариулдаг байлаа. Намайг 7 нас хүртэл Дэлгэрхаанд амьдарч байгаад 2000-2001 онд шилжих өвөл юм уу даа, зуд болоод, буцаад Өмнөдэлгэр рүүгээ нүүсэн. Тэгээд сумандаа дунд сургуульд сурч байгаад 5-р ангидаа хот руу орж ирсэн дээ.

-Эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Хоёулаа. Нэг эмэгтэй дүүтэй. Дүү минь одоо нэгдүгээр анги. Ээж минь малын их эмч мэргэжилтэй.

-Өсвөрт нэлээд биерхүү хүү гарч ирж байсныг санаж байна?

-Тийм. Багын л тарган хүүхэд байсан. Эхэндээ чөлөөтөөр бас барилдана. Чөлөөт бөх надад их юм өгсөн шүү. Тэмцээн уралдаанд ч зөндөө их орсон. 2010 онд Залуучуудын ДАШТ-нд явсан гээд яривал нэлээд зүйл байгаа, байгаа. Медаль бол аваагүй л дээ.

-Үндэс, чөлөөт хоёрын алинаар нь эхэлж барилдсан бэ?

-Үндсээр эхэлж барилдсан. 2007 оноос. Хотод ирээд 9 төгстлөө бөхийн секцэнд яваад 10 дугаар ангидаа Аварга лицей сургуульд орсон. Тэгээд үргэлжлүүлж дээдэд нь сурч багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бэлтгэл хийж эхэлсэн үеэ оруулаад нийтдээ 8 жил Аварга сургуульд сурсан байна. Одоо ч сургууль дээрээ очиж бэлтгэлээ хийдэг.

-Үндэсний бөхөөр анх ямар амжилт гаргаж байв?

-Аваргын гараа гэж барилдаан болдог байсан шүү дээ. Тэр барилдаанаас медаль авдаг байсан. Дараа нь 2009 онд улсын наадмын хүүхдийн барилдаанд дөрөвт үлдээд жаахан тодронгуй болсон юм уу даа.

-Мөн сумын наадамд түрүүлж, сумын заан цол авсан уу?

-Би сумын наадамд түрүүлсэн ч сумын цол авч үзээгүй ш дээ. 2010 онд тойргийн аймгийн начин болоод, дараа нь суманд барилдахаар аймгийн начин түрүүллээ л гээд зарлаж байгаа юм чинь. Сумын заан болох чинь бас хэцүү ш дээ. Сумын цолтнуудын барилдаанд залуу бөх л гээд гардаг байлаа. 2012 оны намраа Дарханд залуучуудын улсын аваргад түрүүлсэн юм байна.

-Тэр жилээ аймгийн арслан болдог билүү?

-Тэгсэн. 2012 оны 7 сарын 9-нд Хэнтий аймагтаа түрүүлж, аймгийн арслан болоод 10-нд хотод ирээд 11-нд улсад барилдан хоёрын даваанд Лхагвадорж начинд унасан. 2013 онд харцага болоод, 2014 онд дөрөвт унаад, 2015 онд түрүүллээ. Улсад таван жил барилдсан юм байна.

-Багадаа барилдаж байв уу?

-Аавыгаа дагаад наадам хэснэ. Бас аманд гарна.

-Аав тань аймгийн цолтой гэсэн биз дээ?

-Аймгийн начин Энхтөгс гэж хүн бий. Аавыгаа дагаад зах мушгигчаар яваад далимд нь аманд гарчихна. Миний наадам яахав, нэгийн даваанд л дуусна /инээв/. Аав маань бас морь уяна. Тийм болохоор морь дагана, морь үзнэ.

 

-Хурдны морь унаж байв уу?

-Намайг даахгүй ш дээ /инээв/. Дөрвөн настайдаа хурдны морь унаад л наймтай хүндэдчихсэн хүн шүү дээ. Олон ч наадамд унаагүй л дээ. Манай аав ээж хоёр намайг бүр хоёрхон настай байхад морь унуулаад зургийг нь авахуулчихсан байдаг юм. Одоо тэр зураг бий. Алаг морьтой, аавынхаа ташуурыг барьчихсан.

-Адуунд их л ойр өсч дээ?

-Тийм шүү. Аав адуучин болохоор хонь мал гэхээсээ илүү адуу, адуу л гэнэ. 6-7-р ангидаа бас морь уяад үзчихсээн. Манай өвөө Александр “Гоё халиун” гэдэг алдарт хурдан хүлгийн эзэн юм шүү дээ. Өвөөгийндөө очоод 2-3 үрээ мүрээхэн сургаж байгаад уяна. Бас Алтанбаатар гэж манай нагац ах бий. Тэднийд очоод адуунд ч явна, морь ч уяна, ер нь их идэвхтэй байсаан. Хүн чинь дуртай зүйлээ хийхдээ аз жаргалтай гэдэг ш дээ. Адуу гэвэл ухас гээд л гарна. Харин хонинд яв гэвэл хэцүү ш дээ. Хэд хэлүүлж, бараг загнуулж байж л хөдлөнө /инээв/. Морин дэл дээр л өдөр өнгөрдөг байлаа.

-Одоо очихоороо адуутай хэр ойр байна?

-Аавтайгаа хамт адууныхаа захад очоод харна даа. Аав “Тэр морь, энэ унага” гээд л ярьж өгнө. Ерөнхийдөө багын юмгүй адуу малнаас жаахан хөндийрөөд байгаа. Өвөл очоод харлаа гэхэд сайн л ажиглахгүй бол өөрийн адуугаа танихгүй болчих гээд ч байх шиг… Зун бол арай гайгүй. Бас тэгээд тэр болгон нутаг руугаа, гэртээ очоод байх зав зай ч бага юм даа. Хэдий ойрхон ч гэсэн. Эндээ бэлтгэлээ хийж байхгүй бол болохгүй.

-Долоо хоногийн хэдэн өдөр нь бэлтгэл хийж байна?

-Ихэвчлэн зургаан өдөр нь. Хааяа 7 өдөр ч хийнэ. Бэлтгэл жигдрээд ирэхээр өдрийн хоёр болоод сайхан болчихдог юм аа. Спортын төв ордонд Хосоо багш дээрээ очиж штангаа хийнэ. Аварга сургууль дээр үндэсний бөхийн бэлтгэлээ хийдэг. Дундуур нь хааяа чөлөөтийн заал руу орж хөлс гаргана.

-Штангийг хэр хэмжээнд хийдэг вэ?

-Өөрийнхөө хэмжээнд хийнэ ээ, хийнэ. Хүнээс илүүгүй, дутуугүй, хүний хийдгийг хийгээд л… Харин сүүлийн үед штангаа арай түлхүү хийж байгаа. Багшийнхаа хэлснийг ягштал хийнэ дээ.

-Одоо ер нь ямар мэхийг зонхилж байна?

-Шахаж татах мэх л юм даа. Хавар 1024-өөр Пүрэвдагва начинг шахаж татаад давсан. Боломжийн санагдаад байгаа. Ер нь миний барилдаан их сонин ш дээ. Тухайн үеийн байдлаас болж өөрчлөгдөж байдаг. Хутгамаар бол хутгачихна, шуудганд хүрчихвэл мөргөнө. Янз янзын мэх хийх гээд оролдож л явна. Сайн болохгүй л байна. Бөхийг бүрэн сурах болоогүй байна даа, гэж өөрийгөө боддог. Хүн хүний барилдаан өөр. Тэрэнд тохируулж ямар мэх хийхэв гээд юм юмны үзүүртэй л байх юмсан гэж хүсдэг. Тэрнээс биш яг тэр мэхийг би сайн хийдэг гэж хэлж чадахгүй нээ.

-Өндөр, жин хэд байна?

-Жин 145 кг байна, өндөр 182 см. Сая намар нэг хэсэг бэлтгэл хийхгүй байхаар жин жаахан нэмэгдсэн. Одоо бэлтгэл жигдрэхээр буцаагаад хасчихна даа. Морь уядагтай адилхан. Өөрийгөө цэгнээд, тордоод ирэхээр жин гайгүй таарчихдаг юм. Энэ жил наадмын өмнө өдөр ирэх тусам л гэдэс багасаад байсан шүү.

-Монгол бөхөөс юуг өөртөө шингээж авч байна гэж боддог вэ?

-Манай бөхчүүдийг жудаг сайтай, гүндүүгүй, төлөв түвшин гэдэг шүү дээ. Тиймээс сайхан жудагтай, ахас ихсээ хүндэлдэг, түүх уламжлал, ёс жаягаа мэддэг байхыг хүсдэг. Аварга багшаасаа их үлгэр авна даа. Монгол бөхөөр хичээллэсэн ямар ч хүн туйлбаргүй, хөнгөн хуумгай биш, дотроо бодолтой, дороо суудалтай намбайгаад сууж байдаг болчихдог юм шиг байна. Хүнийг ингэж төлөвшүүлж, хүмүүжүүлж байна, Монгол бөх өөрөө. Хэдэн зуун дамжсан энэ их өвийг бид уламжилж, хадгалж, дараа үедээ сайн сайхнаар нь өвлүүлж үлдээх үүрэгтэй гэж боддог.

-Анх хэрхэн 15 сая төгрөгийн бооцоотой халз барилдаанд оролцох шийдвэр гаргав?

-Надад “Ийм халз барилдаан зохион байгуулах гэж байна. Чи барилдах уу” гэсэн санал тавихаар нь барилдъя л гэсэн. Уг нь анх М.Бадарч заан бид хоёр барилдах ёстой байсан юм. Харин дараа нь харцага Д.Анар, О.Хангай хоёр саналаараа орж ирсэн юм шиг байна лээ.

-М.Бадарч, Д.Анар, О.Хангай нар “Э.Оюунболд аваргатай тулж барилдаж үзье, мэдэрье” гэсэн байна лээ. Та энэ талаар сонссон уу?

-Урьд нь барилдаж л байсан нэг үеийн залуус барилдахаар боллоо. Надтай удаан хугацаанд барилдаагүй болохоор нэг барилдаж үзмээр санагдсан юм байлгүй дээ.

-Та үндэсний бөхийн дэвжээн дээрээ гаралгүй хоёр жил болсон байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийж байв?

-Хувийн ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ ч таслахгүй байхыг хичээж, ер нь бэлтгэлээ л сайн хийж байлаа даа.

-Анх улсын заан М.Бадарч та хоёр барилдах ёстой байсан юм билээ. Харин улсын харцага О.Хангай, Д.Анар хоёр ямар учраас барилдахаар болов. Та энэ бөхчүүдтэй холбоотой байдаг уу? 

-Би энэ халз барилдааныг зохион байгуулж байгаа биш шүү дээ. Ямар учраас биднийг барилдуулах гээд байгаа, харцага Д.Анар, О.Хангай хоёр яагаад барилдахаар болсныг сайн мэдэхгүй л байна. Хөл хорио, цар тахал гээд олон нийт үзэж харах юмгүй хэцүү л байгаа байх. Харин энэ үеэр монголчууддаа эерэг зүйл түгээхийн тулд барилдаан зохион байгуулж байгаа гэж бодож байна.

-Халз барилдах гурван бөхөөсөө “Энэ ч бэлтгэл сайтай байгаа даа” гэж бодох ч юм уу, эсвэл эмээж байгаа хүн бий юү?

-Адилхан л ид барилдаж байгаа нэгэн үеийн залуус. Цолоор бол би тэднээс илүү. Цар тахал, хөл хорио гээд л бид бүгдээрээ олон нийтийн газар бэлтгэл хийх боломжгүй, гэрээрээ бэлтгэлтэй байгаагаараа адилхан байгаа болов уу. Харин халз барилдаан дээр хэн нь сайн байхыг хэлж мэдэхгүй юм. Барилдаан болох өдрийг л харж байя даа.

-Хэдий үзэгчдэд эерэг зүйлс түгээе гэж байгаа ч цар тахлын үед барилдаан зохион байгуулах нь хэр оновчтой вэ?

-Монголын ард түмний дуртай, өнө эртний энэ том өв соёлыг түмэнд түгээхийн төлөө энэхүү халз барилдаанд оролцож, цар тахлын үеийн монголчуудын оюун санааны дархлааг сэргээе гэж бодсон. Зөвхөн оюун санааны дархлаа төдийгүй нийгэмдээ эерэг орчин бүтээе гэж зорьж байгаа.

-Ер нь түрүүлчихнэ гэсэн бодол хэр их төрж байв?

-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг байх аа. Бөхөөр барилдаж байгаа хүн бүрийн дотор л улсын наадамд түрүүлэх мөрөөдөл төрж байдаг болов уу. Түүний л адил, бусдын боддогийг бодож, хүсч мөрөөдөж явсан даа. Нэг түрүүлчихвэл, нэлээд хэд түрүүлнэ гэсэн бодол бий.

-Олон түмэн ч гэсэн “Энэ хүүгийн гараа эхэлчихлээ, цааш олон түрүүлэх байх” гэж их итгэж найдаж байгаа бололтой?

-Ард түмэн, нутаг усныхан маань тэгж хүлээж байгаа болов уу. Улсын наадамд түрүүлж, арслан цол авсан минь надад өндөр, том хариуцлага дагуулж ирсэн. Үүнийгээ би ингээд зогсоох уу, цааш нь улам дэлгэрүүлэх үү гээд олон зүйл байна. Тэр болгоныг л дотроо бодож, хичээж яваа даа. Зарим нэг шалтгааны улмаас нэг хэсэг бэлтгэлээ завсарласан тал бий. Ойрноос эргээд бэлтгэлдээ орсон. Одоо шинэ ондоо хичээгээд сайхан барилдана аа.



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button