Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА Н.Батсуурь, гэргий Ц.Саранжаргал нарын “Нандин мөч” хуримын гэрэл зургуудаас…

Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Н.Батсуурь 2019 оны арваннэгдүгээр сард гэргий Ц.Саранжаргалтайгаа гал голомтоо бадраан, хуримаа хийсэн нь олны анхааралыг татаж байлаа. Түүний гэргийн Дархан-Уул аймгийн уугуул бөгөөд залуус хоёр хүүтэй юм. Н.Батсуурь аварга Япон улсад боловсрол эзэмшсэн учир хуримын зураг авалтаа Японд хийж байжээ.

Өвөө нь улсын начин Ж.Гэлэг, аав нь улсын харцага Г.Намсрайжав, авга ах нь улсын начин Г.Даваасамбуу, олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү гээд бөхийн удамт гэр бүлээс тодорсон залуу аварга 2013 онд улсын харцага, 2014 онд улсын арслан, 2018 онд улсын аварга болж байсан бол энэ жил Ерөнхийлөгчийн шийдвэрээр Даяан аварга цолоо мандуулсан юм. Н.Батсуурь аваргын аз жаргалтай агшин болох хуримын гэрэл зургууд болоод нандин мөчөө дурсан ярьсан ярилцлагых нь хамт хүргэе.

Н.Батсуурьmай ярилцсан ярилцлагаас: 

-Тантай уулзахын өмнө нэгэн сонирхолтой яриа сонсоод дотроо гайхаж, энэ тухай асуух юм шүү гэж бодож явлаа. Наадмын өглөө цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд ирэхэд түрүү бөхийн байны шагналд очих шинэхэн хөлөг сойлттой байхыг хараад “За, даа орой энэ машиныг хэнээр бариулж харьдаг юм билээ” гээд таныг инээж байсан гэж сонслоо. Зүгээр л хар аяндаа тэгээд хэлчихсэн үү?

-(инээв) Манай гэр өмнө нь хороололд байдаг байсан л даа. Тэгээд л 11-ний өглөө догдлоод л эртхэн гэрээсээ гардаг. Тэгээд түгжирч явсаар байгаад жаахан оройтож оччихоод байдаг байсан юм. Энэ жил харин манайх 13 хороололд цэнгэлдэхтэй ойрхон ирсэн л дээ. Тэгээд яагаад ч юм урьдийнх шигээ санаад эрт гармаар санагдаад, тэгээд хүргэн ахыгаа дуудаад хамт явсан. Тэгсэн бүр эрт ирчихэж. Наадам 11 цагт нээх байдаг. Би тэгсэн чинь бүр эрт есөн цаг гээд ирчихсэн. Ямар ч хүн байхгүй, цагдаа нар дотогш оруулах болоогүй гээд. Тэгээд зогсч байсан чинь бөхийн хаалганы хажууд ланд круйзер 200 сойчихсон байсан. Хараад хүргэн ахтайгаа тоглоод “За, энэ ч эзнээ хүлээж байгаа унаа байна даа. 12-ны орой хоёулаа л унаад буцъя даа” гээд тоглоод маазарч байсан чинь харин амны бэлгээс ашдын билэг гэж…(инээв)

-Хүргэн ах тань танай нутгийн хүн үү. Та хоёр үнэхээр гэрэл гэгээтэй хоёр юм аа. Тэр гоё наадмын өглөө тийм сайхан амны бэлэгтэй үгсийг хэлэлцэж зогсдог.

-Манай хүргэн ах Булганы Сайхан сумын хүн. Эгчийн маань нөхөр, бас миний сайн “найз”.

-С.Мөнхбат аваргатай наадамд түрүүлснийх нь маргааш ярилцаж байлаа. Тэр ярилцлагын өмнө бас нэг гоё мэдээ сонсч байсан юм. Наадмын өмнө Дорноговийн Хүслийн уулын орой дээр залуухан харцага ганцаараа зогсож байхтай нэгэн хүн таарч л дээ. Тэр хүн нь миний танил байж. Тэгээд наадмын өмнө надад “Энэ жил С.Мөнхбат харцага түрүүлнэ, миний морь бас түрүүлнээ чи хараарай” гэсэн гэнэтийн үг хэлдэг юм. Наадам ч боллоо, С.Мөнхбат түрүүлсэн. Нөгөө эрхмийн морь ч түрүүлсэн. Тэгээд тэр жилийн түрүү бөх залуу аваргатай ярилцлаа. Энэ тухай түрүүлээд л асуусан. Аварга их гайхаж, та яаж мэдсэн юм бэ гээд инээгээд байж билээ. Таны наадмын өглөөний хошигнолыг сонсоод надад тэр явдал санагдсан.

-Наадмын өглөө сэтгэл догдлоод л ер нь ер бусын байдаг л даа. Энэ мэдрэмжийг юутай зүйрлэмээр юм бэ дээ. Яараад ч байгаа юм шиг, нэг тийм сонин байдаг юм. Яагаад ч хүргэн ахдаа тэгж хэлсэн юм. (инээв)

-Ер нь бөх хүний бодол гэгээн цагаан явах сайхан байх, тийм үү?

-Тийм ээ, дотроо сайхан зөв бодол санаа тээж явах бөх гэлтгүй бүх хүнд сайхан шүү дээ. Өөрөө жаргалтай, ажил үйлс дагаад өөдрөг сайхан байдаг болов уу гэж боддог юм.

-Аль сургууль төгссөн юм бэ?

-Би Лхагваа захиралтай “Монген” гэж сургуульд сурч байгаад Увсад нэгдүгээр 10 жилд үргэлжлүүлж сурч төгссөн. Төгсөөд Соёл эрдэм гээд япон хэлний дээд сургуульд орсон. Япон хэл, аялал жуулчлалын мэргэжлээр сураад төгсөх курсдээ японд очоод хоёр жил болсон.

-Японд амьдарч байсан болохоор япон оронд хайртай байх.

-Санагданаа. 20-22 насны амьдрал маань тэнд өнгөрсөн шүү дээ.

-Япон хэлтэй байх нь. Одоо мартаагүй биз дээ?

-Мартаагүй .

-Японд байхда сумод хүч үзье гэж бодож байгаагүй юу?

-Үгүй. Намайг японд байхад Дагваа аварга, Даваажаргал аварга бүгд барилдаж байсан. Би очиж барилдааныг нь үздэг байсан. Бас л монголын бахархлууд л даа.

-Таныг түрүүлэнгүүт их аварга Д.Дагвадорж “Увс нутаг бол аргагүй л бөхийн орон юм даа” гэж цахим хуудсандаа бичиж байна билээ. Сайхан л харагдсан.

-Дагваа аварга надад хамгийн анх ямар үг хэлснийг би танд хэлэх үү. Тэр бол жинхэнэ амны билэгтэй үг байсан. Надтай нэг уулзаад “Ахын дүү чамд улсын наадмын нэг түрүү байгаа шүү, хичээгээрэй” гэж хэлсэн юм даа.

-Ямар сонин юм бэ. Хэдэн онд вэ?

-2012 оны цагаан сараар. Тэр үг миний санаанаас ерөөсөө гардаггүй. Сая наадмаар түрүүлсэн чинь их аваргын хэлсэн тэр үг бүр их бодогдож байна.

-Үнэхээр сонин юм.

-Тийм. Дагваа аварга бол амны билэгтэй хүн.

-Онцгой хүн л дээ.

-Үнэхээр онцгой хүн.

-12-ны орой бол ер бусын орой байсан байх. Тэр их олны баяр, түрлэг дундаас хэн нэгний хэлсэн үг онцгойрч үлдэв үү?

-Мэдээж эхлээд аав дээрээ очиж үнсүүлсэн. Намайг ёстой огшоосон дүр зураг Баянаа аваргын маань тэр мөчийн сэтгэл хөдлөл, дүр төрх байсан даа. Уйлаад л над руу алхсан. Урдаас нь би гүйсэн. Очоод тэвэртэл уйлаад намайг үнсэхдээ “Амьд явах чинь яасан сайхан юм бэ. Ямар их юм үздэг юм бэ” гэсэн тэр агуу аваргын үг намайг үнэхээр огшоосон.

-Өнгөрсөн хавар Э.Оюунболд аварга та хоёр ээлжилж их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлээд байсан. Наадмын өндөр даваанд хоорондоо тулна гэж тооцоолж байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл дээр бэлдсэн тактикч байсан. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй. Э.Оюунболд надаас илүү хийморьтой байлаа. Э.Оюунболд бид хоёр чинь их гоё ш дээ. Хоёулаа 2013 онд улсын харцага болсон. 2014 оны наадмаар би түрүүлж улсын арслан болсон. Оюунболд 2015 онд түрүүлсэн. 2018 онд би түрүүлж аварга болоход 2019 онд Оюунболд түрүүлж аварга болж байна. Яг л миний араас мөрөөр маань дагаад алхаад байгаа.

Аав тань тухайн үед уурсаж байсан ч гэртээ баяртай л хүлээж авсан байх?

-Миний аав улсын харцага цолтой бөх хүн. Хүүгийнхээ том цол аваад явж байгаад баяртай байдаг гэж найддаг юм. Ах, дүү эргэн тойрныхон маань ч сэтгэл өндөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, Дулааны цахилгаан станцын “ТЭЦ 3”, “Химон” констракшин зэрэг байгууллагуудын дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст талархаж явдаг юм.

-Ч.Санжаадамба заантай хийсэн барилдааны үеэр ам руу нь таны гар орчихсон нэг зураг сошиалаар “шинэ мэх” гэсэн тайлбартай яваад байсан.

-Нойтон, хөлстэй биеэн дээр барьж халах энэ тэр явцад гар хальтирна шүү дээ. Толгойг нь цааш нь түлхэх гэж байсан чинь нэг мэдсэн ам руу нь орчихсон байсан. (инээв) Санжаа ч юм хэлээгүй. Бид хоёр барилдаж байсан. Тэр чинь угаасаа тэмцэл л юм чинь. Бөхчүүд бол ойлгоно л доо. Бөх мэдэхгүй хүмүүст л завжидаж байгаа юм шиг харагдсан юм шиг байгаа юм. Тийм юм юу гэж байхав дээ. Санаандгүй л тийм юм болчихсон.

-Увс аргагүй бөхийн орон юм даа гэж хүмүүс зөвшөөрөх атлаа Увсаас яагаад дандаа бөхийн түрүү төрчихөөд байдаг юм бол. Яасан ч нэг нь гараад л ирэх юм аа гэлцэж байна.

-Мэдээж төрж өссөн нутаг усандаа шүтэж дээдлэлгүй яахав. Гэхдээ миний хувьд бид бүгдээрээ л нэг цул монголчууд. Увс хүн, Увсынхан гэхээр надад таатай санагддаггүй. Адилхан цөөхөн монголчуудад ийм хандлага ямар ч хэрэггүй гэж би боддог. Гадаад оронд бас тодорхой хугацаагаар амьдарч үзлээ. Гадна гараад бид бүгдээрээ нэг л монголчууд байдаг биз дээ. Олон улсын тэмцээн уралдааны талбар дээр бид монгол л гэж дуудуулдаг. Түүнээс энэ Увс хүн гэж зарладаггүй биз дээ. Үндэсний их баяр наадам бол өөрийн уламжлалтай, дэг жаягтай. Ёстой горимтой. Олон зуун жилийн тэр соёлоо дагаад л бөхчүүд нутаг усаараа овоглож гардаг. Бусад үед нутгархах, жалга довны үзлийг дэмжих талцах нь утгагүй зүйл гэж би боддог.

-Та гарьд Ш.Жаргалсайхантай урьд нь таарч барилдаж байв уу?

-Нэг л удаа барилдаж байсан. Завханы нэг наадмаар би очиж барилдсан юм. Тэгээд гурвын даваанд намайг амлаж аваад, би аминдаа аймгийн арслан горьдож очсон байдаг. Тэгсэн намайг аваад таслачихдаг юм. Би уйлаад. (инээв) Тэгээд л наашаа гараад 2000 км замын турш бараагайд л дотроо Жагаа ахад жигтэйхэн гомдсон хүн ирж байсан. Бид хоёр чинь тэгээд хөгжилтэй. Дараа нь Жагаа ах надаас уучлал гуйгаад”за, ахын дүү зүгээр үү” гээд л. Бөхийн амьдрал юм даа.

-За. Баярлалаа.  

 



 



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button