шар мэдээ

АЖ П.Цэрэндагва: Нийгэмд ёс жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байгаа нь аавын аягагүй өрхийн тэргүүн олширсных

Аж П.Цэрэндагва хүнээр хүн хийх ухааны талаар ийн ярьжээ.
-Монголчууд нийтлэг үнэт зүйлээ алдаж, монгол хүнээ үнэгүйдүүлснээс үзэл сурталгүй, ёс зүйгүй нийгэм бий болж байна гэлээ. Тэгвэл тэр үнэт зүйлээ олж авахын тулд яах ёстой вэ?

-Бидний хөгжилд саад болдог гол зүйл нь нэгнээ үл хүндэтгэх, нэгнээ ойшоодоггүй байдал. Ижий, аавыгаа хайрлаж, хүндэлж сураагүй хүн айлын охин үрийг хань ижлээ болгож аваад, жаргаана гэдэг юу л бол. Монгол хүний амин ухааныг үр хүүхдэдээ багаас нь ойлгуулж, суулгаж өгөх хэрэгтэй.
Энэ амин ухааныг сургуулиас, танхимын боловсролоор олж авдаггүй юм. Түүнийг дөрөв, тав, найман ханатай гэртээ, эсвэл орд харш, бүр урц, жодгороос ч өвлөн авч болдог. Хар багадаа эцгийн гэрээс амин ухааныг олж авсан хүн хойшид энэ замбуулин хорвоод зөв амьдрах чадвартай болж төлөвшдөг юм.

Аавын аяганы тухай би ярих дуртай. Аавын аяга хэмээх ойлголтоос монгол хүний амин ухаан эхэлдэг гэж би боддог. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй, тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой, хамгийн амттай, шимтэй бүхний дээж тэнд байдаг гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгож, ухаарч хүмүүждэг. Тэр хүүхэд том болохоороо аав шигээ мундаг хүн байхыг хүснэ.
Цаашлаад аавын аягаар дамжуулан хүнийг хүндэтгэх ёс, эрэмбэ дарааллаа, өмчид хандах хандлагад суралцдаг. Яагаад өнөөдөр манай нийгэмд ёс жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байна гэхээр аавын аягагүй өрхийн тэргүүн олширсных гэж боддог.

Их сургуулийн оюутнуудаас “Аавынхаа аяганд ууж үзсэн хүүхэд байна уу” гээд асуухаар ангиараа дэр хийтэл гараа өргөж байна. Энэ юуг харуулж байна вэ. Тэр айлд аавын аяга гэж тухайлсан зүйл байхгүй аав нь таарсан аягандаа уудаг болсны илрэл.
Би бол аавын аягатай өрхийн тэргүүн. Намайг дөрвөн настай байхад төрсөн аав минь өөд болсон. Бидний амьдралд нь өмөг түшиг болж явсан хойд аав маань маш буянтай сайхан хүн байсан.

Мөн миний хадам аав хүү, охин хоёроо хүний зэрэгтэй амьдруулах гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан хүн байсан. Энэ аавуудын минь өвлүүлж үлдээсэн амин ухааны ачаар би төрдөө хүндлэлтэй, түмэндээ түшигтэй яваа. Манайх гурван хүүхэдтэй.
Хамгийн том хүү эмч, удаах нь найруулагч, хамгийн бага нь хуульч мэргэжилтэй. Бүгд л хань ижилтэй, үртэй хүүхэдтэй өнөр өтгөн айлууд болсон. Хань бид хоёр хүүхдүүдээ эрдэмтэн, доктор бол гэж захьдаггүй. Хүн байхыг л хэлж сургадаг. Гэхдээ зүгээр нэг хүн биш. Хүн шиг хүн байхыг сургадаг.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button