Мэдээ

БУЙДАНГААС унасан хүүгийн тархины 70 хувь үхжиж биеийн байдал тун хүнд байна

Нэг ой найман сартай хүү, ах эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд, Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнх нь зүгээс хандивын аян эхлүүлсэн байна. Ингээд бид хүү юунаас болж өнөөдөр ийм байдалд орсон, цаашид хүүд ямар эмчилгээ шаардлагатай байгаа талаар түүний аав Б.Баяртүшигтэй ярилцлаа.

-Таны бага хүү 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс унаж, өнөөдөр сэхээнд байна. Тухайн өдөр гэртээ хэнтэй хамт байсан бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр гурван хүүхэд маань ээжтэйгээ хамт гэртээ байсан. Тухайн процесс болох үед ээж нь гал тогооны өрөөнд хоол хийж байхад, бага хүү маань буйдангаас унаж дээшээ харсан байдалтай уйлаад хэвтэж байсан гэсэн. Эхнэр маань хүүг тэвэрч, миний хүү тайвшраад унтаад өгсөн гэсэн. Тэгээд 30 орчим минут унтаад сэрэхдээ, маш хүчтэй орилж уйлаад бөөлжсөн гэсэн. Эхнэр надруу болсон зүйлийг хэлж залгасан. Би тэр дор нь гэр рүүгээ явж очтол, ирэх хооронд дахиад бөөлжиж, хүү маань толгойгоо хойш савж уйлсан байдалтай байсан. Тэгээд бид гурав ахынхаа хамт эмнэлэг явахаар болж, энэ ташрамд түргэн дуудсан. Гэрээс гараад явж байхад өөдөөс түргэн ирж, үзүүлсэн. Гэтэл хүүг минь зүгээр толгой нь хөдөлсөн байна бариач ороод бариулчих гэсэн. Бөөлжөөд байгаа бол, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг орж тариа хийлгэчих гэсэн. Би тэр түргэний эмчээс “миний хүү өмнө нь хэзээ ч ингэж савж уйлж байгаагүй, энэ нэг л биш болчихлоо, та гэмтэл рүү хүргээд өгөөч” гэж гуйхад өөр хүнд өвчтөн зөндөө байгаа, тэгэх боломжгүй гээд хаяад явсан. Тэгээд ах эхнэр бид гурав хүүгээ аваад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон. Дүүргийн эмч нар хүүг минь хурдан оношилж, хүүгийн биеийн байдал маш хүнд байна, яаралтай ГССҮТ рүү яв гэсэн. Очоод томографикийн зураг авахуулах учир цаг алдахгүйн тулд энд авахуулаад яв гэж зөвлөсөн. Баянзүрх дүүргийн эмнэлгээс унаа гаргаж өгнө гэсэн учраас ариутгал хийж дуустал хүлээсэн. Ингээд бид ГССҮТ-д 16 цагийн орчим очиход Баянзүрхийн эмчийн хэлсэнчлэн хүнд байна, яаралтай хагалгаа хийнэ гэсэн. Энэ хугацаанд томографикийн хариу гарч зургаар ирсэн. Ингээд миний хүү хагалгаанд орж гарч ирсэн. Гэмтлийн эмч нар хугацаа алдсан байна.

Хүүд тархины артерийн судсыг залгах, тархины гавлын яс заадсаараа цуурснаас болж маш их цус алдаж, тархи дарсан байсанд мэс засал хийсэн гэсэн. Ингэсэн ч миний хүүгийн зүүн тархи үхэжсэн байна гэсэн. Ер нь 3-5 минут л цус алдахад хүний тархи ажиллагаагүй болж үхжиж эхэлдэг юм байна лээ. Тэгээд хугацаа алдсанаас болж, хүүгийн минь зүүн тархи ажиллагаагүй болж, одоо тэр нь баруун, урд хэсэгтэй нөлөөлж, одоогоор тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай байна.

-Одоо хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Миний хүүгийн биеийн ухаан орсон ч, өөрийн ухаан ороогүй байгаа. Яг л ургамал шиг дээшээ харж нүдээ нээгээд, гуурсаар хоол идээд л. Биеийн байдал нь хүнд, өвдөлт ихтэй байгаа учраас яргалж дуугараад байгаа. Ер нь бол өдрөөс өдөрт биеийн байдал нь сульдаж байгаа. Бидэнд маш богинохон хугацаа үлдсэн. Тиймээс яаралтай гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

-Монголд хийгдэх эмчилгээ нь дууссан гэсэн. Гадагшаа явсан ч, сэргэх боломж хэр байгаа вэ?

-Монголын эмч нар маань бүх эмчилгээг хийсэн. Одоо хүү минь ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь гайгүй болж байгаад л эргээд сэхээнд ороод байгаа. Хүү минь нүдээ нээхээс өөр үйлдэл үзүүлж чадахгүй байгаа. Бид нар маш яаралтай өндөр тоног төхөөрөмжтэй улсад нөхөн сэргээх эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм. Хагалгааны дараа эмч нарын хэлсэнчлэн Солонгосын Улсан эмнэлэг, Турк улсын эмнэлгүүд рүү материалаа явуулсан. Солонгосын Улсан сургуулийн эмнэлгээс хариу ирсэн. Эмчилж болно, ирээд тусгаарлалтад байна. Гэхдээ эмнэлгийн үйлчилгээг ирсэн өдрөөс нь эхлүүлнэ гэж хэлсэн. Солонгос улс руу яввал хүүгийн минь тархи сэргэж магадгүй гэж бодоод эцсээ хүртэл явж байна. Солонгос улс руу явах зардал, тусгаарлагдах зардал, эмчилгээний гээд ойролцоогоор 800-900 сая төгрөг хэрэгтэй болсон.

Ямар ч эцэг эх хүүхдээ зүгээр харж суугаад үхэхийг нь хархыг хүсэхгүй байх. Би бүх л боломжоо дайчилна. Хэрвээ мөнгөний төлөө хүний хөл үнсэхээр бол би хүүгийнхээ төлөө хийхэд бэлэн.

Уулзаж тусламж хүсэх хүн маш их байгаа. Хандивын аянг манай найзууд хоёр хоногийн өмнө эхлүүлээд явж байгаа. Одоогоор 20 гаруй сая төгрөг цугласан.

Миний эхнэр хүүг асарч үргэлж дэргэд нь байгаа. Харин би гадуур ажлуудаа амжуулахаас гадна гэрт байгаа хоёр хүүхдэдээ царайгаа харуулчхаад, эмнэлгийн гадаа ирж хонож байгаа. Үндсэндээ эх нялхас, гэмтлийн эмнэлгийн хооронд явж 65 хоног машиндаа хонож байна. Миний найзууд хүүгийн минь бүх эмчилгээ, гадагшаа явах, хандивын аянг зохион байгуулж байгаа.

-Хүүхдүүд нь дүүгээ санаж байна уу. Үндсэндээ хоёр сар гаруй эмнэлгээр явж уулзаагүй байгаа юм байна шүү дээ?

-Миний хүү өчигдөр ааваасаа дүү хэзээ ирэх юм. Миний дүү зүгээр үү гэж асууж байна лээ. Тавхан настай л даа. Гэхдээ мэдээд байх шиг байгаа юм. Би хүүхдүүддээ дүү нь эмнэлэгт хэвтсэн гэдгээс өөр зүйл хэлээгүй. Ээж нь дүүтэй нь хамт эмнэлэгт байгаа учраас хоёр хүүхэдтэйгээ аав нь л хааяа очиж уулзаж байгаа. Ямар ч байсан хүүхдүүддээ дүүг нь эрүүл саруул аваад очихыг л хүсч байна.

-Бага насны хүүхдэд байнгын асаргаа шаардлагатайг эндээс харж болохоор байна л даа. Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Хүүхдийг унаж, доргилт авсан тохиолдолд бариачид хандахаас илүү мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг зүгээр нэг юм мөргөлөө, бүдэрч уналаа, ойчлоо гэж бодож болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Хүүхдийг нас биед хүрэх хүртэл нь битгий анхаарал сэрэмж алдаарай гэж хэлмээр байна. Хүүхэд яаж ч бэртэж болдог юм байна. 30 см-ийн өндөртэй буйдангаас дагзаараа савж унаад ингэж бэртсэн гэхэд хүмүүс итгэхгүй л байх л даа. Тэгэхдээ надад ийм зүйл тохиолдчихоод байна. Тиймээс та бүхэн надад тохиолдсон энэ том зовлонгоос үлгэр жишээ авч, хүүхдэдээ анхаарал хандуулаарай.



Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button