Мэдээ

Иргэн Б: “Би 10,000$ алдсан, Крипторуу ороогүй 3 сарын өмнөх өөртөө атаархаж сууна, Удахгүй амиа хорлох тухай л бодсоор…”

Монголп крипто зах зээл, койн хөгжиж байгаа энэ үед олон иргэд байгаа боломжоороо оролцож байна. Харин боломжгүй нэг нь ийшээ яаж ийгээд орчихвол баяжих юм байна гэсэн хийсвэр ойлголтоосоо болж өөрт байгаа бүхий л эд хөрөнгөө барьцаалан орох тохиолдол цөөнгүй гарсаар байгаа юм. Тэгвэл крипто зах зээлд 10.000 доллараа алдсан иргэн ийнхүү бичиж анхааруулжээ:

Иргэн Б: “Хэзээ ч битгий Futures дээр арилжаа хийгээрэй хүмүүсээ. Миний туршлагаас. Би 10.000 доллар алдсан. Одоо юу ч үгүй болсон. Хүнээс авсан мөнгөө банкнаас зээлж байгаад л төллөө. Одоо ч алдсан мөнгө, ажил сургууль стресс гээд бүх юм зовоож байна. Крипто руу ороогүй байсан 3 сарын өмнөх өөртөө атаархаж сууна. Удахгүй амиа хорлох тухай бодсоор. Өдөр ирэх тусам зовлон хүрч чадахгүй амьдралын ирмэгээс түлхэгдэн унах бололтой. Битгий Futures-р оролдоорой” хэмээн бичжээ.

Харин түүний ийнхүү бичснийг харсан эмэгтэй зүрх шимширч буйгаа илэрхийлээд крипто зах зээлийн тухай ойлголтгүй ч энэ чиглэлийг сонирхож байгаа иргэд яах ёстойг нэг бүрчлэн тайлбарлан хэлж өгчээ: 

Бүгдэд нь энэ оройн мэндийг хүргэе! Энэ удаадаа арилжаанаас жоохон хазайсан зүйл бичиж байна. Юу вэ? гэхлээр энэ постыг уншаад үнэхээр зүрх шимширмээр харамсалтай санагдлаа. Хүний амьдрал нь өөрөө алдсан алдааны нийлбэр бөгөөд энэ бүх алдаа оноон дээрээ бид суралцаж, хөгжиж, хүчирхэгжиж байдаг билээ. Цахим технологийн эрин үе ирж, юун 90-д он, юун өмч хувьчлал битгий боломж бидний өмнө хаалгаа нээжээ. Утас, интернет дээрээс нь нэмээд хэл, хичээл зүтгэл байвал хаана, хэзээ, ямар амьдралтай байхаас үл хамааран арван жилийн хүүхэд ч тэрбумтан болох боломж энүүхэнд болж.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр эрсдэл гэдэг сүүдэр үргэлж байсаар л байдаг. Хөрөнгийн зах зээл (хувьцаа, бонд, индекс, forex, crypto) нь бидний ажлаас гадуур нэмэлт орлоготой болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж мөнөөс мөн билээ. Бид эрхэлж буй ажил мэргэжлээ эзэмшихээр багадаа 4 жил суралцдаг хэдий ч ажлын байран дээр гараад юм мэдэхгүй хэвээрээ л байдаг. Амжилттай арилжаа хийх гол үндэс суурь нь СТРАТЕГИ+ СЭТГЭЛ ЗҮЙ+ РИСК МЕНЕЖМЕНТ байхад наад захын техник анализ, суурь анализаа ч мэдэхгүй яагаад арилжаанд орж байна вэ??? Яагаад 4 жил, 2 жил, 1 жил за болъё хэдэн сар юу ч судлахгүйгээр зүгээр л мөнгөтэй болно гэсэн хүсэлдээ автан энэ зах зээл рүү хүний үгээр, бусдын бодлоор арилжаанд орж байна вэ???

Бид ажлын 8 цагаа мөнгөөр сольдог. Бидний мөнгө гэдэг бол бидний цаг хугацаа, бидний цаг хугацаа гэдэг бол бидний бараг бүх л зүйл (Сэтгэлийн амар амгаланг эс тооцвол) Ийм байтал байр, машинаа зараад, цалингийн зээл аваад, хүнээс мөнгө зээлээд, ямар ч судалгаа, шинжилгээ, ур чадварт суралцахгүйгээр өөрсдийгөө ингэж эрсдэлд оруулж чадна вэ? За зэмлэлээ үүгээр өндөрлөе.

Гарц гаргалгаа юу байна вэ?

1. Түрүүн хэлсэн цаг хугацаа гэдэг бол мөнгө юм аа гэж. Цаг хугацаа, эд эсээ хэмнэхийн тулд заавал сурч, судлах хэрэгтэй. Мэргэжлийн багштай болох нь хамгийн зөв шийдэл… Ингэснээр маш бүр маш их зүйлийг хэмнэх болно. Өөрөө өчнөөн ном уншиж, youtube үзэж Мөнхжинг follow хийснээс 1000 дахин дээр, (Багштай болох нь тийм хямд биш ч таны алдсан мөнгийг өчнөөн дахин хэмнэхээс гадна хэн ч танаас булааж авч чадахгүй мэдлэгийг олгох болно.)

2. Эрсдэл бол хаана ч хэзээ ч байдаг. Хүүхэд минь уначих вий, гэрт гал түймэр гарчих вий, тогонд цохиулах вий, ажил дээрээ ажил мэргэжлийн алдаа гаргачих вий гэж айдаг мөртлөө яагаад мөнгөө алдчих вий гэж бид айхгүй байна вэ? Та 10,000$ алдвал таны амьдралд юу тохиолдох вэ? гэдэг эрсдэлийг яагаад тооцоолохгүй байна вэ?

3. Хүн бүрийн зан характер, мэдрэмж, хүлээн авах чадвар өөр өөр байдаг. Надад хөрөнгийн зах зээлээс аль чиглэл нь илүү зохих вэ? Миний мэдлэг, ур чадвар хэр байна вэ? Crypto бол Spot арилжаа юу? Futures арилжаа юу? Цаашлаад Futures арилжаа бол Scalp, Swimming арилжаа юу? г.м асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Хэрвээ энд бичсэн зүйлсийг мэдэхгүй бол арилжаа хийх талаар бодсоны ч хэрэггүй. Сур сур бас дахи сур!!!

Эцэст нь энэ залууд хэлэхэд: Хүний алтан амьнаас илүү зүйл энэ хорвоо дээр үгүй билээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг дээ. Илүү сэтгэлийн тэнхээтэй, хүсэл эрмэлзэлтэй, хүчтэй байгаарай гэж хүсмээр байна. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Нэг ч гэсэн Монгол хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрч, бусаддаа сайн сайхныг түгээж чадвал энэ биеийг олсны утга учир мөн билээ.

 

 



Post Views:
16

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button