шар мэдээ

Нүдний салст хавагнаад, хvvхэн хараа хvртэл харахгvй болчихсон. Тэгээд л группт орсон доо

Үрлээгийн дүрээрээ од болсон С.Пүрэвмаагийн талаар та хэр мэдэх вэ? Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмаа Сэрчмаагийн Пүрэвмаа 1964 онд Улаанбаатар хотод төржээ. Кино жүжигчин болохыг мөрөөдөж байсан охин 1982 онд арван жилээ төгсөөд гадаадад сургуульд явахыг хүссэн ч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй боловч бүр сүүлд буюу 2002 онд Мюзик Холл сургуулийг төгссөн байна.

Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж ажиллаж байхдаа анх “Санаж яваарай” киноны олны хэсэгт тогложээ.

  • 1983 он “Санаж яваарай” барилгачин
  • 1985 он “Би чамд хайртай” Үрэлээ
  • 1999 он “Амьдралын урсгал” хүүхдийн байцаагч Уранаа
  • 2009 “Би чамд хайртай-2” Үрэлээ эдгээр кинонуудад тогложээ.
  • Мөн 1993 онд бүтээсэн “Шарай голын гурван хаан” теле жүжигт Рогма гуа хатны дүрийг бүтээсэн байна.

Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмааг монголчуудын олонх нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр мэднэ. Түүнтэй уулзахаар Олимпийн хороог зорин очлоо.

Монгол бөхийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг явагдаж буй танхимын үүдэнд хүлээж байтал Пүрэвмаа гараад ирлээ. Хөнгөн шингэн, энгүүн чөлөөтэй алхаагаар бараг гүйх шахам гарч ирэх түүний инээмсэглэл тодруулсан царайг нь хараад “Үрлээ яг л хэвээрээ байна шүү” гэсэн бодол төрснийг нуух юун. Нударгатай монгол цамц, хөдөлгөөнд чөлөөтэй битүү хийцийн банзал өмсөөд монгол загварын өргөн бүс бүсэлжээ.

Тасрах шахам гэж тодорхойлоход болох нарийн бэлхүүс, уян налархай хөдөлгөөнийг нь харж, хүүхдэрхүү яриа хөөрөөг нь сонссон хэнд ч жинхэнэ Үрлээтэй хамт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хөлдөө өвөрмөц загварын эсгий гутал углажээ. Ер нь түүний бүх хувцас монгол байлаа. Нэхий дээл, монгол загварын үстэй малгай, бээлий, цүнх гээд бүгд л өөрийнх нь бүтээл болов уу гэж таамагласан минь үнэн байв.

Нэхий дээлээ бүр 20 жилийн өмнө оёж өмссөн гэж ярьсан нь, 20 жилийн турш биеийнх нь галбир огт өөрчлөгдөөгүй гэсэн үг байлаа. Гайхалтай санагдав. Энэ бол нэг талаас өнөө үед “нүдний гэм” болсон минималист амьдралын хэв маягийн яруу тод жишээ болмоор ч юм шиг, нөгөөтэйгүүр дэндүү монголоороо, зөвхөн өөрийн гараар хийсэн хувцсаа өмсдөг эртний заншлыг өнөө үед түүчээлэн авчирсан ч юм шиг, нэг тийм дулаахан мэдрэмж төрүүлсэн юм. Түүний хувийн амьдрал Үрлээгийнхээс өөр.

Пүрэвмаа бол таван сайхан хүүхдийнхээ ээж нь, халамжит сайн ханийнхаа гэргий нь билээ. Хань Ё.Жаргалсайхан нь гэргий С.Пүрэвмаагийнхаа хүсэл тэмүүлэл, эрэл хайгуул, судалгаа, ажил үйлсийг нь дэмжиж ойлгохын зэрэгцээ аж амьдралаа гайхалтай сайхан авч явдаг нэгэн. Магадгүй ханийнх нь түшиг тулгуур, уужуу сэтгэл, хүлээцтэй зан чанар нь түүний амжилтын бас нэгэн хөшүүрэг байж ч мэднэ.

Харин Пүрэвмаа угаас минималист амьдралын хэв маягийг баримтлагч төдийгүй, хань ижлээ элдэв жижиг сажиг асуудлаар зовоохыг цээрлэдэг эмэгтэй. Ханийнхаа чин шударга зан, халуун эх оронч үзэл, аргын гэмээр нэн хүчирхэг орон зайг нь мэдэрч сэтгэл татагдсанаа тэрбээр нуудаггүй. Арга билгийн төгс зохирол бүрдсэн ийм л сайхан хосууд айл гэр болж, таван сайхан хүүхдийн эцэг эх болоод өнөр олуулаа аз жаргалтай амьдарч байна. Амар тайван бөгөөд эгэл амьдрал, цэвэр тунгалаг бөгөөд үнэн харилцаа гэдэг энэ буюу.

“Би чамд хайртай” киноны тухай сэдвээр эхэллээ. Өөр сэдвээр эхлэхийн аргагүй тийм л гүн гүнзгий сэтгэгдлийг үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөлж чадсан Үрлээ шүү дээ.

Пробонд хэрхэн тэнцсэн бэ? гэсэн миний асуултын хариуд тэрбээр их сонин түүх хуучилсан юм.

КИНО ЖҮЖИГЧИН С.ПҮРЭВМАА: ХҮҮХДЭДЭЭ ЭРЭГТЭЙ Ч БАЙ, ЭМЭГТЭЙ Ч БАЙ ЗОЛБОО ГЭЖ НЭР ӨГНӨ Пүрэвмаа сурагч байхдаа спортын гимнастикаар хичээллэж асар их тэсвэр хатуужилд суралцжээ. Улсын наадмын уран гимнастикийн үзүүлбэрт байнга оролцдог тамирчны нэг Пүрэвмаа охин, наадам дуусмагц хичээл орох хүртэлх сар гаруйн хугацаанд эмнэлэгт ажилладаг байлаа. Хамгийн анх Хүүхдийн 2-р эмнэлэгт бага насны сахиургүй хүүхдийн тасагт асрагчаар ажиллажээ.

Хүүхдүүдэд ижил өнгийн хормогч өмсгөөд бүгдийг нь горшоконд суулгана. Хувцас хунарыг нь угаана, хооллоно, палатны шал угаана, коридор угаана гээд бүхий л ажлыг хийдэг байв. Гэтэл сургууль цуглахын өмнөхөн сахиургүй тасгаас нэг хүүхдийн бие эрс мууджээ. Бүгд сандралдаж эмчилгээг эрчимжүүлж байсан ч, хамгийн их санаа зовж, хүүгийн төлөө бурханд залбирч, хичээлдээ ирсэн ч явсан ч “Энэ хүүхэд л амьд гараасай” хэмээн бодож Хүүхдийн 2-р эмнэлэг, 3-р дунд сургууль хоёрын хооронд тодоос тод жим гартал алхсан хүн бол Пүрэвмаа охин байлаа. Аз болоход хүүхдийн амь нас аврагдсан байна.

Тэрбээр хэмжээлшгүй их баярлаж, анхны хүүхдэдээ ямар ч хүйстэй байсан энэ хүүгийн л нэрийг өгнө гэж өөртөө андгайлжээ. Арван жилийн сургуулиа төгсөөд кино урлагийн сургуульд шалгалт өгсөн ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ЗХУ-д суралцахаар явж чадсангүй. Ингээд 3-р эмнэлэгт асрагчаар оров. Түүнд томчуудын амьдрал нэг л таалагдахгүй байлаа.

Пүрэвмаа асрагчийн халадныхаа дотуур байнга л сурагч формоо өмсөнө. Гэртээ ч бас ээжийгээ ажлаас ирэхэд нь сурагч формтойгоо гүйж очоод л хаалгаа нээнэ. Тэрбээр хүүхэд насандаа эргэж очихыг үнэхээр их хүсэж байсан юм. Удалгүй Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр орж ажиллалаа. Гэтэл арван жилийн сурагчдын хайр сэтгэлийн тухай киноны пробонд шалгаруулалт явуулах зар гарчээ. Пүрэвмаа очиж бүртгүүллээ. Пробонд шалгуулсан хүмүүсийн төгсгөл хавьд Пүрэвмаагийн ээлж таарав.

Пробонд тоглох зохиолыг нь өгөхөд тэрбээр нүдэндээ ч итгэсэнгүй. “Хүүхдэдээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Золбоо гэж нэр өгнө” гэж Үрлээ хэлэх ёстой байв. Энэ “Золбоо” гэдэг нэр бол, эмнэлэгт бие нь муудсан хүүхэд, аврагдсаных нь дараа анхны хүүхдэдээ нэрийг нь заавал өгнө хэмээн андгайлсан тэр хүүгийн нэр байлаа. Тийм ч учраас Пүрэвмаа энэ үгийг үнэн сэтгэлээсээ хэлж, киноны гол дүрд тэнцсэн гэдэг.

Тэнцсэн гэдгээ нэлээд олон сарын дараа мэджээ. Нэг өдөр гадагш гарах гээд Хүүхэлдэйн театрынхаа коридороор алхаж явтал, өөдөөс нь бүрх малгай духдуулаад нүдний шил зүүчихсэн, цувтай өндөр хүн дипломат цүнх бариад явж байсан нь Дамчаа гуай байв. Мэндлээд хажуугаар нь өнгөрөх гэтэл, чи чинь хэн билээ гэхэд нь “Пүрэвмаа” гэвэл, “Аан тийм үү, хамт явна аа” гэж.

Тэгээд театрын даргын өрөөнд орохдоо Пүрэвмааг үүдэнд хүлээж бай гэжээ. “Би ямар буруу зүйл хийчихсэн юм бол оо” хэмээн санаа зовж суусан Пүрэвмаад, хагас онгорхой хаалганы завсраар “Энэ хүүхдийг кинонд тоглуулна” гэсэн үг сонсогдоход баярласандаа дуугарч чадахгүй болтлоо хөшиж орхив. Ийнхүү хүссэн киноныхоо дүрд тоглох эрхээ авчээ. Хүүхэлдэйн театрт хүн хүч дутагдалтай байсан учир Кино үйлдвэрээс нэг хүн өгч байж, Пүрэвмааг “Би чамд хайртай” киноны гол дүрд тоглуулсан байна. ХҮМҮҮС ГОЁ ХАЙРЛАЖ ХАРНА, ЭСВЭЛ ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ЮМ ШИГ ГАЙХАЖ ХАРНА

– Кино зохиолоо уншаад анх ямар сэтгэгдэл төрж байв?

– Хүүхэд тэврээд үлддэг нь л их хэцүү санагдаж байсан. Бусад нь бол гоё, яг л сурагчийн амьдрал. Зураг авалтад ороод л, бодит байлгахын тулд сурагчийн цүнх үүрнэ. Хүүхэд болчихсон юм чинь “Бамбарууш” кафед орж үзэмтэй будаа, хайлмаг авч иднэ. Хөдөө бригадаар явахдаа өмсдөг гутлаа зураг авалтын үеэр өмсөнө. Миний муухай сайхан огт хамаагүй. Би бол өөрийгөө хөөрхөн гэж бодохгүй шүү дээ. Харин найруулагч юу гэж хэлсэн, тэрийг нь л би тодотгоод өгчих юмсан. Энийг нь л нэг байгаагаар нь гаргачих юмсан гэж боддог байлаа. Сайн, муу тоглож байгаагаа ч мэдэхгүй. Ямар ч байсан намайг загнахгүй байгаа болохоор сайн тоглож байна л гэж бодно. Үсрээд л хоёр дубль, өөр олон дубль хийдэггүй байлаа. Тэр кинонд Баяраа гэдэг дүрийг яаж тэгж олдог юм. Их сонин, манай арван жилийн ангид надтай нэг ширээнд суудаг Баяраа гэж хүүхэд жинхнээсээ байсан юм. Ингээд л кино зураг авалт дуусаж, киноны нээлт болсон доо.

– Киноны нээлтийн өдрийн дурсамжаасаа хуваалцвал сонирхолтой байна?

– 1985 оны 7 сарын 25-нд киноны нээлтэд орчихоод байж байтал манай ангийн Баяраа, хоёулаа энэ киног үзэх үү гэж байна. Би дүүрэн цэцэг барьчихсан байгаа шүү дээ. “Би кинонд тоглосон” гэж хэлээгүй, зүгээр л “Манай гэрийнхэн намайг машинтай хүлээгээд байна. Би явалгүй болохгүй” гэж хэлсэн. “Би ганцаараа үзэх юм уу” гэхэд нь үг хэлэхгүйгээр яваад өгсөн. Тэгсэн чинь манай ангийн Баяраа тэр киног үзээд бүр ичиж үхэх шахсан гэнэ. Автобусанд суугаад явж байхад нь хүн болгон л Баярааг, ямар тэнэг амьтан бэ, тэр хөөрхөн охиныг зовоож байдаг гэсэн чинь, өөрийг нь хэлж байгаа юм шиг л санагдсан гэдэг. Тэгээд манай гэрт ирээд надад ярьж байгаа юм. “Би ирэх замдаа ямар их зовж ирсэн гэж бодно. Бүр ичиж ирлээ. Намайг хэлж байгаа юм шиг санагдаад, энэ чих бүр халуу оргиод байна” гэдэг байгаа. Баяраа их мундаг онц сурлагатай хүүхэд байсан. Миний тархи гэмтсэн үед ангийнхан нэг нэг дэвтэр гаргаад миний хичээлийг хуулах, тэр ажлыг зохион байгуулж байсан гэдэг. Нэг ангийнхан гэдэг чинь сайхан шүү дээ.

– “Би чамд хайртай” киноны дараа өөр ямар кинонд тоглосон бэ?

Хоёр ихрийн тухай “Аль нь вэ” гэдэг кинонд гимнастикчин охины дүрд тоглосон. Тэр үед би эмнэлэгт жижүүр хийсээр байгаад ядраад, тавхан өдөр Баянбуурал амралтын газарт зураг авалтад оролцохдоо нэг бодлын амарч байгаа юм. Тэр үеийн Батзангиа, Алтансүх гээд манай спортын төв ордны хөнгөн атлетикийн залуучууд кинонд тоглож байсан. Би бол уран сайхны гимнастикт явдаг. Бид бие биенийгээ мэддэг. Би хэдийгээр кино урлагт орсон ч гэсэн спортын бэлтгэлээ хийгээд л явдаг байлаа. Үеийнхээ тамирчидтай зурганд явсан чинь ямар гоё юм бэ? гэж бодогдож байсан. Буянтын гуанз гээд л ярьдаг Гүржав гуай, бас Сэсээр гээд Батад тоглодог жүжигчин манай Хүүхэлдэйн театрын жүжигчид байсан. Тэд нартай хамт энэ кинонд тоглосон юм.

Дараа нь Багануур явж барилгачин охины дүрд тоглосон. Дандаа л залуучуудтай хамт явж, кино натур гэж ийм байдаг юм байна гэсэн ойлголттой болсон сайхан үе л дээ. Тэд нарын дотор бие биедээ хайртай болж байгаа хөөрхөн залуучууд, хүүхдүүд байна. Тэрийг харж гайхаад л. Өөрөө бол би нэлээн хашир хүүхэд байгаа шүү дээ, асрагч хүн юм чинь. Тийм ч амархан сэтгэл хөдлөхгүй. Эмоци багатай, бодит юманд илүү дуртай. Гэхдээ л тэдний хөгжилдөж байгаа нь их гоё. Дараа нь “Амьдралын урсгал” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон. Хүүхэлдэйн театрт ажиллаж байхад Актив гээд мундаг зураач байдаг байлаа. Пролоноор алтан загас хийхдээ дандаа боронз шигтгээд будчихсан. Тэгээд “Хүндэт өвгөн ах минь хүрээд ирэв үү та” гээд алтан загас руугаа хараад хэлж байхад миний нүд рүү нөгөө боронзон будаг нь ороод, нүдний салст хавагнаад, хүүхэн хараа хүртэл харахгүй болчихсон. Тэгээд л группт орсон. Надад маш том цохилт болж байгаа юм.

– Яаж даван туулав?

– Эхлээд уйлаад л, ээжийгээ, гэрийнхнийгээ зовоож байсан. Аз болж нүдний хараа гэмтээгүй. Салстууд л гэмтсэн. Залуу хүнд зургаан сар групптэй байна гэдэг чинь маш хэцүү. 3-р групп гэхээр бүр айхтар. Эмч дээр очиж тариа хийлгэдэг. Тэгж байхдаа ер нь оёдол суръя гэж бодоод, ээжийн маань хамаатны Чалхаа эгчдээ очоод дагалдан нь болсон. Оёдолд сайн суралцахын тулд Сансарын захиалга оёдолд орж ажилласан. Үнэхээр тэвчээр шаарддаг ажил юм билээ. 1986 оноос хойш 30-аад жил оёод ч би оройд нь гараагүй л гэж боддог. Би загвар, эсгүүрээ өөрөө гаргаж, бүх деталиа оёж чадна. Одоо энэ нэхий дээлээ гэхэд 1996 онд оёсон. Гурав дахь охиноо төрж байх үед нэг их гоё хатны хувцас оёж байсныг 20-иод жилийн дараа том охин маань өмсөж амилуулсан шүү. Оёдолчны ажилд суралцчихаад Хүүхэлдэйн театртаа эргэж ороод, киноны анхдугаар фестивальд оролцохоор Хөвсгөл явж байлаа.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button