шар мэдээ

Нэвтрүүлэгч, Хөтлөгч С.Чимгээ: Охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ

Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг хөтлөгч, сайхан хүүхнүүдийн нэгэн төлөөлөл бол яахын аргагүй нэвтрүүлэгч С.Чимгээ. Тэрээр айлын ууган охин, аравдугаар ангиа төгсчихөөд СУИС-д конкурс өгч улмаар хойно мюзик холлын ангид суралцахаар явсан боловч Орост перестройка болж нэг жилийн хэлний бэлтгэлээ дуусгаад эх орондоо ирж, СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх.

С.Чимгээ нэвтрүүлэгч телевизийн салбарт олон шинэчлэлийг авчирч, Монгол ТВ-ийн багт нэгдэж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирлаар ажиллан, олон сонирхолтой төсөлд гар бие оролцож яваа юм. Та бидний мэдэж байгаачлан, дэлхийн шилдэг контентын монгол хувилбар “Авьяаслаг монголчууд“-ын шүүгчээр ажилласан ба “Чимгээ шоу”-гаа мөн амжилттай хийсэн юм. Мөн энэ оны 02 дугаар сарын 08-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

Түүний нөхөр М.Чойдорж Москвад сургууль төгссөн унаган орос хэлтэй, УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар олон жил ажилласан өндөр боловсролтой нэгэн байдаг.

Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа:

Хүүхэд нас нь 120 мянгатад гудамжны цементийг шүүрдэж, бор чулуугаар хоол хийж айл гэр болж тоглож өслөө. Зуны амралтаараа бол ёстой хөөрхөн бор төмс шиг болтлоо гадаа тоглоно. Байшингийнхаа ханыг халцартал нь бөмбөг шидээд л, гутлаа урагдаж, цоортол резин, чирта тоглодог. Зүлэг усалдаг машины усны доогуур гүйж нороод л…Ер нь хүүхэд нас хаана ч байсан жаргалтай сайхан үе байдаг болов уу. Цаг үе нь ч тайван амгалан байж дээ. Одоо бол цаг үе өөрчлөгдөөд хүүхдээ хараа хяналтгүй гадаа тоглуулахад ч хэцүү болсон шүү дээ. Нэг бодлын амгалан цагт хүүхэд нас маань өнгөрсөн болохоор миний үеийнхэн азтай.

Манайд одоогийн МҮОНРТ, Оросын төв телевиз гэдэг хоёрхон суваг гардаг байлаа. Цагийн хязгаартай, бас. Оросын телевиз дээр баасан гариг бүр “Үлгэрийн орноор зочилсон нь” /”В гостях у сказки”/нэвтрүүлэг гарна. Хүүхдүүд үзсэн үлгэр киногоор сэдэвчилж зураг зурсанаа захианд дайж илгээдэг, түүнийг нь хөтлөгч эмэгтэй уншиж танилцуулдаг, дараа нь нэг үлгэрийн кино үзүүлдэг. Тэр гоё нэвтрүүлгийг их үздэг байлаа. Цаашлаад ахлах ангид ороод өглөөний хөтөлбөрийнх нь хөтлөгч эмэгтэй их таалагддаг болсон. Яагаад ч юм энэ эмэгтэй шиг хөтлөгч болох юмсан гэсэн бодлоос л анх эхэлсэн болов уу. Түүнээс биш учир зүггүй хөтлөгч болно гэж мөрөөдөж байгаагүй л дээ.

“Авьяаслаг монголчууд” шоуны үеэр нэг эмэгтэй дуулахад та “нөхрийгөө санаад” гээд нулимс дуслуулж харагдсан. Мэдээж амжилттай яваа эмэгтэйн ард сайхан хань тань бий байх. Нөхрийнхөө тухай ярихгүй юу?

-Гэр бүл хань ижил сайхан байж гэмээнэ бие, сэтгэл амар амгалан байна. Тэгж байж л урдаа байгаа ажилдаа илүү төвлөрч чадна шүү дээ. Ар гэр тайван бус, асуудалтай бол миний оюун санаанд ямар бодол байх вэ. Миний нүд, нүдний гал ямар байх вэ. Тэр бүхэн ямар ч ажил хийж байгаа эмэгтэйд 100 хувь нөлөөлдөг байх гэж боддог. Миний өдий дайны явж байгаа нь миний ханийн маш том үүрэг оролцоо. Бүтэн өдөржин бичлэгтэй байсан ч, оройжин тайзан дээр зогссоор ирсэн ч хань маань миний ажлыг ойлгодог. “Авьяаслаг монголчууд” шоун дээр гэхэд арваад хоног тасралтгүй бичлэгтэй байсан л даа. Тэгээд нэг эмэгтэй сэтгэлд хүртэл сайхан дуулахад өөрийн эрхгүй уйлчихсан. /инээв/

Тэр үед нөхрийгөө унтаж байхад нь гарна, орой унтаж байхад нь очсоор түүнийг нэлээд санасан байсан л даа. Ёстой л нэгэн биений минь нөгөө тал болчихсон хүн шүү дээ. Тийм ч учраас охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ. Би бол ажлын амжилт гэж ярих тийм ч дуртай биш. Угийн 100 хувь өөрийгөө зориулж чадах ажил мэргэжилтэй бол тэр амжилт чинь өөрөө л хүрээд ирнэ. Тэгээд сайхан ханьтай байхад эмэгтэй хүнд өөр юу ч хэрэггүй. Сайн хань, сайхан ажил эмэгтэй хүний аз жаргалын үндэс.

-Бас нэг нэвтрүүлэгт нөхрийнхөө “тархины булчинд” дурласан гэж ярьсан байсан…

-Энэ яриа санамсаргүйгээр хүмүүст их хүрсэн юм шиг байгаа юм. Тэр нэвтрүүлгийн бичлэгийн урьд орой нь нөхөртэйгөө заал, фитнессээр нэлээд өнжсөнийг хэлэх үү яг л санаандгүй миний толгойд орж ирсэн үгийг хэлсэн нь тэр. Гэхдээ нөхрөө худлаа рекламдсан юм биш. Нөхөр маань үнэндээ л ухаалаг, аливаад алсын бодолтой. Өөрийгөө яаж байнга хөгжүүлж боловсрох, ажил мэргэжилдээ өндөр үүрэг хариуцлагатайгаар хандах, гэр бүлээ яаж үнэ цэнэтэйгээр авч явах, эцэг эх, үр хүүхдэдээ яаж асралтай хандах зэрэгт жинхэнэ нуруутай эр хүн шиг байж чаддаг нь бахархууштай.

Эмэгтэй хүн өөрөө маш сонин бодгаль шүү дээ, хэзээ ч гоё сайхан эрэгтэй хүн хардаггүй, харин эр хүний ухаан бас ноён нуруунд татагддаг. Тиймээс л нөхрийнхөө аливаад хандах нухацтай, ухаалаг хандлага, амьдралын ур ухааныг нь үнэлдэг учраас л “тархины булчин” гээд хэлчихсэн хэрэг. Найзууд маань нэг хэсэгтээ л над руу даажигнаж ярьсан шүү. /инээв/ Манай хүн бол хуульч, эрх зүйч хүн л дээ. Төрд олон жил ажиллачихсан, хувийн хэвшилд бас багагүй туршлагажсан. Эр хүний нас бие, ухаан санаа тэгширнэ гэж ярьдаг. Манай хүн яг тэр сайхан насан дээрээ л явж байна даа.

Нээрээ танай гэр бүлийг Тайваньд амьдарч байсан гэж сонссон. Тайваньчууд их зөв амьдралын хэвшилтэй ард түмэн шүү дээ?

-Арван жилийн өмнө л дөө. Манай нөхөр Тайвань дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж, бид гурван жил тэнд амьдарсан. Тайваньчууд зөв амьдралыг маш эрхэмлэдэг, тэр дундаа их алхна, ууланд гарна. Хөгшчүүл нь уулын орой руу өглөө болгон гараад дасгал хийдэг. Хүн чинь амьдралын зөв хэмнэл гэдгийг яг бодитоор нь харж байж ойлгодог юм билээ. Тайваньчууд гудамжаар алхахдаа хүртэл зүгээр ч нэг алхахгүй, гэдэсний булчингаа илж, цохиж алхана. Ямар их ухамсар вэ. Тийм зүйлийг өдөр бүр харахаар хүссэн хүсээгүй эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний тухай бодож эхэлдэг юм билээ.

Манай хүн их спортлог хүн л дээ. Нөхөр маань 20-иод жилийн өмнөөс л хамтдаа гүйж байя, фитнесс хийе гэж их ятгадаг байлаа. Гэтэл би спортод тийм ч дуртай биш. Арван жилдээ нэг удаа сагс тоглохдоо бөмбөгөнд оногдоод бүр халширдаг болчихсоныг хэлэх үү. Дээр нь нүүр амаа, хөл гараа гэмтээчихнэ, хөхөрчихнө гэдэг айдас түмний өмнө харагдаж байдаг ажил мэргэжилтэй маань холбоотойгоор их байсан. Харин одоо бол би бараг нөхрийгөө ажил ихтэй байхад нь амар заяа үзүүлэхгүй, хамт гүйе, заал оръё гээд л суулгахгүй маягийн.

Дэлгэрэнгүй ярилцлагыг: dnn.mn/ Өдрийн сонин

 



Post Views:
2,665

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button